Монгол оронд адал явдалт аялал жуулчлалыг хөгжүүлэх нь

 

               Энэхүү нийтлэлээрээ дэлхий даяар сүүлийн үед хүчээ авч байгаа, аялал жуулчалын салбар доторх хамгийн түргэн өсөлттэй байгаа төрөл болох адал явдалт аялал жуулчлал гэж юу болох,  өөрсдийн эх орон Монгол улсад хөгжүүлэх боломж бололцоо, үр ашиг, саад бэрхшээлийн талаар та бүхэнд хүргэж байна.

               Аялал жуулчлал нь дэлхий дээрх хамгийн томоохон салбаруудын нэгт зүй ёсоор тооцогддог бөгөөд зарим нэг орны ашиг олох, эдийн засгийн голлох хэрэгсэл болдог. Нэгдсэн Үндэсний Байгууллага (НҮБ)-ийн харъяа Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллага (UNWTO)-ийн мэдээлснээр, сүүлийн 60 жилийн хугацаанд, аялал жуулчлалын салбар нь тогтвортой өсөлтийг үзүүлж байгаа бөгөөд дэлхий хамгийн  том болоод хурдацтайгаар хөгжиж буй эдийн засгийн салбарын тоонд тооцогдож байна. Тодруулбал, Дэлхийн Аялал Жуулчлалын Консул буюу World Travel and Tourism Council (WTTC, 2018)-ийн 2017 оны судалгаанаас үзвэл, тухайн оны дэлхийн нийт ДНБ нь $80,27 триллион ам.доллар байсан бөгөөд үүний 10.4% болох $8,8 триллион ам.долларыг аялал жуулчлалын салбар дангаараа бүрдүүлсэн байдаг.

               Үүнээс адал явдалт аялал жуулчлал нь 2018 онд $562.12 тэрбум ам.долларын ашиг, хувь нэмрийг оруулсан байна. Хүнд хэцүү сорилтууд, эрсдэл, тэсвэр тэвчээр шаарддаг уг аялалын төрөл нь дэлхийн хамгийн түргэн өсөлттэй байгаа аялал жуулчлалын салбар дотроо мөн адил хамгийн хурдацтай өсч буй төрлийн тоонд тооцогдож байна.

               Дэлхий даяар нийт 1.4 тэрбум хүн нэг жилийн хугацаанд аялсан гэх судалгаа байдаг. Эдгээр жуулчдын зорилго нь өөр өөр байдаг. Өмнөх жилүүдэд жуулчдын дийлэнх нь амралт зугаалга, гэр бүл, найз нөхөд, хамаатан садантайгаа уулзах гэх мэтээр аялдаг байсан бол сүүлийн жилүүдэд хүний хөлд хүрээгүй, хөндөгдөөгүй газар зохиогддог тусгай сонирхолын аялал жуулчлал (SIT) ба адал явдалт аялал жуулчлал хийх аялагчдын тоо эрс өссөн байна.

               Аялал жуулчлалын энэ төрөл нь сүүлийн үед дэлхий дахинд тренд болж байгаа бөгөөд их хэмжээний өсөлт үзүүлэх өндөр боломжтой гэж яригдаж байна. Сүүлийн жилүүдэд жуулчдын дунд өмнө нь хүний очиж байгаагүй, зэрлэг, онгон дагшин байгалиар аялах, эрсдэлтэй зүйлсийг туршиж үзэх гэх мэт хандлагууд өргөнөөр бий болж байна. Энэ жуулчдын сониуч зантай холбоотой байдаг. Өмнө нь олон тооны хүмүүс очсон, хөлд талхлагдсан, улиг болсон газрыг сонгох уу? эсвэл урьд хүн очиж байгаагүй, хүний үйл ажиллагаанд хөндөгдөөгүй газар луу аялах уу? гэвэл дийлэнх нь хоёр дах сонголтыг хийхээр болсон цаг үед бид амьдарч байна.

 

Адал явдалт аялал жуулчлал гэж юу вэ?

               Адал явдалт аялал жуулчлал гэдэг нь шинэ газар, шинэ ертөнц, шинэ хүмүүс, шинэ зан заншилтай танилцаж, өөрийн өдөр тутам хийдэг хэвшмэл амьдрлаасаа хэсэг хугацаанд салан, өөрийн тухтай бүсээсээ гарч, илүү сонирхолтой, эрсдэлтэй зүйлсийг туршин аялдаг төрөл хэлбэр билээ.

               Адал явдал аялал жуулчлалыг ерөнхийдөө хоёр хувааж авч үздэг. Юу гэж хоёр хуваадаг вэ гэдэг нь тун энгийн. Хүнд, бэрх буюу Hard, амархан, хялбар буюу Soft гэж хоёр ангилна. Уг хоёрт аяллын бүх төрлүүдийг хувааж авч үзэх ба хийж буй үндсэн үйл ажиллагаагаар нь хүнд эсвэл хялбар гэдгийг ялгадаг юм.

               Хүнд, хэцүү төрлөөр аялагчид нь хялбараа бодвол илүү их эрсдэл хүлээж авдаг ба аялалд илүү их мөнгө зарцуулдаг. Жишээ нь, Эверестийн оргилд гарахын тулд ямар нэгэн бэлтгэл сургуулилт, хэрэгслийг үл тооцвол $11’000 -г төлдөг бол, тусгай сургуулилт, хөтөч, хэрэгсэл, онгоцны зардлыг тооцвол $48’000 -г төлдөг байна. Харин Эверест уулын бэл хэсгээр хөнгөхөн хялбархан аялал хийх 8 хоногийн аялалын төлбөр нь $2710 орчим байдаг байна. Ерөнхийдөө бол илүү экстрем аялал хийдэг хүмүүс өөрсдийн хэрэгсэл, зүйлстэй байдаг ба илүү бага мөнгө зарцуулдаг байгаа юм.

               ATTA буюу дэлхийн адал явдалт аялал жуулчлалын холбооноос 2014 онд хийсэн судалгаанаас авч үзвэл адал явдалт аялал жуулчлалд хамрагдаж буй нийт жуулчдын 57% нь эрэгтэй, 43% нь эмэгтэй байсан байна.   Харин түүний дараа жил 53% нь эмэгтэй, 47% эрэгтэй болсон байдаг. 2014 оны судалгаа нь мөн аялагчдын боловсролын түвшин болон тэдний орлогыг харуулсан байдаг. Адал явдалт аялал жуулчлал хийж буй нийт жуулчдын 37% нь бакалавр, 11% нь мастер, докторын зэрэгтэй хүмүүс байсан бөгөөд тэдний дундаж орлого нь жилийн $46’800 байсан байна.

               Ерөнхийдөө энэ төрлийн жуулчид нь хөрөнгөтэй, орлоготой байдаг ба тэд сонирхолтой, сэтгэл хөдөлгөм аялал, гайхалтай дурсамж, туршлага бий болгохын тулд мөнгө зарцуулахаас татгалздаггүй. Адал явдалт аялал  санал болгож буй ихэнх аяллын компаниуд дунджаар $3000 үнэтэй, 7-8 хоногийн аялал санал болгодог байна.

Монгол оронд адал явдалт аялал жуулчлалыг хөгжүүлэх нь

               Манай орон нь жилдээ 600 мянга хүрэхгүй жуулчинг хүлээн авдаг, жилийн 4 улиралтай, эрс тэс уур амьсгалтай орон юм. Жуулчдын дийлэнх нь зуны 3 сар болон тохой саруудад аялахаар ирдэг ба бусад улирлуудад, ялангуяа өвлийн улиралд манай орны аялал жуулчлал хязгаарлагдмал улирлын шинж чанартай, баригдмал, зогсонги шинж чанартай байдаг. Хэрэв манай орон дэд бүтэц, бүтээн байгуулалтын асуудлыг шийдээд, зөв бодлого төлөвлөгөөгөөр адал явдалт аялал жуулчлалыг хөгжүүлвэл болохгүй зүйл байхгүй бөгөөд аялал жуулчлалын улирлыг уртасгахад их дөхөм болж 1 сая жуулчин хүлээн авна гэсэн зорилт нь илүү бодитой болох, биелэхэд ихээхэн хувь нэмэр үзүүлнэ гэж харж байна.

               Манай орны эрс тэс уур амьсгал, нүд алдам байгаль, олон янз байдал нь жуулчдад жинхэнэ сорилт, шалгуур өөрөөр хэлбэл бидний давуу тал болох учиртай юм. Мөн бидний түүх, соёл, өмнөх үе, нүүдэлчин байдал нь жуулчдыг татахад асар их үүргийг гүйцэтгэх болов уу.

               Үүнээс гадна, манай хоёр хөрш орон жил бүр маш олон тооны жуулчинг илгээдэг бөгөөд, хөрш Хятад улсын жуулчид хамгийн их мөнгийг өөрсдийн аяллынхаа туршид зарцуулдаг билээ. Түүнчлэн, манай хөрш орны жилд аялах жуулчдын тоо дараах жилүүдэд өссөөр байх бөгөөд ийм том зах зээл хаяанд минь байхад бусад хол зах зээл лүү шунах хэрэг юу билээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, заавал Европ, Америкчууд гээд байлгүй, өөрсдийн хөрш хоёр орон луу чиглэсэн маркетинг, төлөвлөлтийг сайнаар хийж чадвал манай улсын аялал жуулчлалын салбарын ирээдүй гэрэлтэж, хувь хүн, аж ахуй нэгж, цаашлаад улс орны эдийн засаг өсч, түүнийг дагасан олон хөгжил явагдах нь гарцаагүй билээ.

               Манай улс нь газарзүйн олон янз байдлыг өөртөө шингээсэн өргөн уудам нутаг дэвсгэртэй, жилийн 4 улирал, эрс тэс уур амьсгалтай орон билээ. Монгол орон нь өндөр, нам уулс, ухаа гүвээ, цав толгод, өргөн уудам хээр тал, ой тайга, говь цөл хослосон нийт газар нутаг далайн түвшнээс дээш дунджаар 1580 метр өргөгдсөн газарзүйн байрлалтай, онцлогтой юм.

               Баруун хэсэгт орших Монгол Алтайн нуруу баруун хойноос зүүн урагшаа сунаж оршихдоо гүн, хөндий, эгц хажуу бүхий 4000 метр дээш өргөгдсөн, нарийн нуруудаас бүрддэг. Энэ газар нутагт адал явдалт аялал жуулчлалын, хүнд, бэрх төрлийг хөгжүүлэх өндөр боломжтой билээ. Алтайн нуруунд авирах нь уулчдаас өндөр тэвчээр, ур чадварыг шаарддаг ба тухайн адал явдал хайгчдад жинхэнэ сорилт болох болов уу. Зөвхөн уулын авиралтаас гадна, Алтайн нуруунаас снөүбоард, цанаар гулгаж экстрем, өндөр эрсдэлтэй зүйл хийх хүсэлтэй хүн олон байдаг. Гэсэн хэдий ч, тухайн газар нутаг дахь дэд бүтцийн хөгжил, аялал жуулчлалын байрших хэрэгсэл, үйлчилгээний салбарууд төдийлөн сайн хөгжөөгүй байгаа.

               Харин Алтайн нуруунаас зүүн тийш, Монгол Алтай болон Хангайн нурууны хооронд Их нууруудын хотгор гэж нэрлэгдэх уудам хотгор оршдог. Энэ газарт, эрт дээр үед олон тооны нуурууд хоорондоо холбогдож, маш том эх газрын тэнгис бүхий усан санг бий болгож байсан гэж үздэг. Увс, Хяргас, Айраг, Дөргөн, Хар Ус гэх мэт нуурууд энэ газарт байрлах ба усан доогуур шумбах, усан завиар аялах гэх мэт хөнгөн төрлийн адал явдалт аялал жуулчлал уг газар явагдах боломжтой. Түүнээс зүүн тийшээ, ширүүн болон зөөлхөн урсгалтай гол мөрнүүд ихсэх ба бүх төрлийн завьны аялал, ан агнуур, загаслчлах гэх мэт аяллуудыг явуулах боломжтой байдаг бөгөөд хад, уулнууд ч мөн элбэг учир хад, агуйн аялал, олон өдөр үргэлжлэх явган аялал гэх төрлүүдийг хөгжүүлэх өндөр боломжтой байдаг байна.

               Товчхондоо, манай орон нь байгалийн маш олон янз байдлыг өөртөө агуулан оршдог ба цаг агааарын эрс тэс, хуурай сэрүүн байдал нь адал явдалт аялал жуучлалыг хөгжүүлэхэд хамгийн чухал үүргийг гүйцэтгэх хүчин зүйлд тооцогдож байна.

Эдийн засгийн үр өгөөж

               Манай орны хувьд адал явдалт аялал жуулчлалын бүтээгдэхүүнээс гол брэнд болгож хөгжүүлэх хэд хэдэн төрөл бий.

1.     Алтайн нурууны өндөр уулс дээр үйл ажиллагаа явуулах цанын баазууд байгуулах боломжтой ба өвлийн улиралд энэ аялал нь эрчимжиж шууд ба шууд бус байдлаар эдийн засагт эерэг үр нөлөөллийг авчирах бололцоотой. Алтайн нурууны оргилоос доошоо цана аль эсвэл снөүбоардоор гулгаж бууна гэвэл адал явдал хайгч аялал жуулчид ихээр зорин ирэх нь гарцаагүй. Үүнийг дагаад УБ-Алтай хоорондох нислэгийн тоо эрс ихсэх, ажил эрхлэлт нэмэгдэх, дэд бүтцийн шаталсан хөгжлүүд хийгдэх, хамгийн чухал нь өвөлдөө зогсонги байдалтай байдаг аялал жуулчлалын улирал маань уртсах өндөр боломжтой. Аялал жуулчлалын идэвхитэй саруудын тоо нэмэгдэж, улирал уртсах нь манай орон жилийн 4 улирал, жуулчдын хөл хөдөлгөөнөөр тасрахгүй, өөрөөр хэлбэл бүтэн жил тасралтгүй орлоготой байх боломжыг бүрдүүлэх бөгөөд, манай орны аялал жуулчлалын салбар нь тэр хэмжээгээрээ өсөн нэмэгдэх, үйлчилгээ чанаржих үндэсийг бий болгоно.  

 

2.     Мөн ой тайга, ой мод дамжсан треккинг буюу олон өдрийн явган аялал эсвэл морин аялал зохион байгуулах нь боломжтой бөгөөд магадгүй өвлийн улиралд дах дэхтийг жуулчдад өмсүүлэн ан гөрөө хийж, түүдэг гал асаан, цастай, хүйтэн өвөл ой модонд хоноглож олон хоног явах нь тэдэнд Монголчууд эрт дээр үед хэрхэн амьдардаг байсан, нүүдэлчдийн амьдралын хэв маяг ямар онцгой болохыг мэдрүүлж чадах болов уу. Үүнийг дагаад жуулчдын тухайн бүс нутаг, тэнд амьдарч буй нутгийн иргэдэд оруулдаг хувь хэмжээ өсөх бөгөөд энэ нь аялагч, аялалын компани болон нутгийн иргэдэд адил тэгш үр өгөөжийг бий болгох юм болов уу.

               Одоо үед эрсдэлтэй зүйлс хийж, адал явдалт аялалд мөнгө зарлагадах нь жуулчдад энгийн асуудал, хийх дуртай зүйл нь болсон. Туйлын туяаг үзэх гэж жил бүр жуулчид $10’000 орчимыг төлдөг. Харин Монголд $7000 төлөөд туйлын туяа үзэхтэй зэрэгцэхүйц сэтгэл ханамж яагаад авч болохгүй гэж. Жуулчид сониуч бөгөөд адал явдал, жинхэнэ туршлага олж авахыг хүсч эрэлхийлж байна. Хэрэв бид дэд бүтэц, аялал жуулчлалын байрших хэрэгсэл, стандартын үйлчилгээг бий болгож өрсөлдөхүйц зорих газар болж чадвал биднийг зорин ирэх зах зээл, эрэлт нь бэлэн байна.

                Монголын ой, тайгад өвлийн цастай хүйтэн үеээр дах, дэхтий гэх мэт өвлийн хувцасыг өмсөөд, “The Hu” хамтлагийн дууг сонсоод, ил гал түлэн жинхэнэ нүүдэлчин аль эсвэл “Revenant” киноны  Каприо шиг мэдрэмжийг мэдрэн суух ямар байх бол?

               

Эх сурвалж, ашигласан материал:

  1.  1.     Nainsnl (2018). Adventure Tourism. [цахим] An Educational Portal. https://tourismnotes.com/adventure-tourism/.
  2.  World Copyright (2014). Global Report on Adventure Tourism Organization (UNWTO) AM Reports, Volume nine – Global Report on Adventure Tourism. [цахим] https://skift.com/wp-content/uploads/2014/11/unwto-global-report-on-adventure-tourism.pdf.

1. 


Comments